Монголын Бүтээмжийн Төв нь Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран 2018 оны 09 сарын 17-27-ны өдрүүдэд “Бизнесийн төгөлдөршилд суурилсан бүтээмжийн менежментийн тогтолцоо” сэдэвт бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх ахисан шатны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг АББ-ын Эксперт, Ази-Номхон далайн чанарын байгуллагын Ерөнхийлөгч, Сингапур улсын ISO 9000 стандартын Техникийн хорооны гишүүн ноён Харнек Сингх хүрэлцэн ирж сургалтыг удирдан явууллаа.

Тус сургалтын агуулган нь Бүтээмжийн менежментийн тогтолцоо, Бизнесийн төгөлдөршил, Инноваци, Бенчмаркинг, Ажилтнуудын оролцоо, Хязгаарлагдмал нөөцөөр бүтээмжийг дээшлүүлэх нь, Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт гэх үндсэн сэдвүүдийг хамарсан. Урьд өмнө зохион байгуулагдаж байсан сургалтуудаас онцлог давуу тал нь бүтээмжийн менежментийг байгууллагын бусад менежментийн тогтолцоотой хэрхэн уялдуулж, цогцоор нь хэрэгжүүлэх; үйл ажиллагааны процесс, алсын хараа, хэтийн зорилготой хэрхэн уялдуулах; мөн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх аргуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, практик мэдлэг олгосонд оршиж буй юм.

Сургалтын 7 дахь өдөр оролцогчид СҮҮ ХК дээр очиж, тэдний бүтээмж дээшлүүлэх хөдөлгөөнтэй танилцаж, туршлагаас нь суралцсан. СҮҮ ХК нь бүтээмжийн хөдөлгөөнийг 2015 оноос эхлэн нэвтрүүлсэн бөгөөд 5С, Кайзэн саналын систем, ТТИА-ыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Мөн оролцогчид хоорондоо, тэр дундаа ДЦС-3 ТӨХК, Мобиком корпораци, Монгол ТВ ХХК-ийн төлөөлөл болсон оролцогчид байгууллага дээрээ өрнүүлж буй бүтээмжийн хөдөлгөөний талаар нийт оролцогчидтой тэргүүн туршлага солилцсон юм.

Уг сургалтанд Юнигаз ХХК, ДЦС-3 ТӨХК, Монгол ТВ ХХК, Диспетчерийн үндэсний Төв, Эрдэнэт ДЦС ТӨХК, Шивээ-Овоо ХХК, Мобиком Корпораци ХХК-иас нийт 19 оролцогч хамрагдсан ба үүгээр МБТ-с бэлтгэн гаргасан нийт бүтээмжийн мэргэжилтнүүдийн тоо 683 хүрэв.

Мөн 2018 оны 09 сарын 28-ны өдөр ноён Харнек Сингх багш Мон-Энержи Консалт ХХК дээр Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг байгууллагад хэрхэн нэвтрүүлэх чиглэлээр 5 цагийн сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлсэн юм.