Монголын бүтээмжийн төв нь Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран бүтээмжийн үзэл баримтлал, олон улсын тэргүүн туршлагыг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрөл бүрийн сэдвээр зайны сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаад 2018 оны 01 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд “Жижиг дунд үйлдвэрийн удирдлагын инноваци” сэдэвтэй зайны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь Жижиг дунд үйлдвэрүүдэд чиглэсэн удирдлагын инновацийн үндсэн зарчмууд болон ойлголтыг нэмэгдүүлэх, зохих зарчмыг ашиглах замаар урт хугацааны тогтвортой байдлыг хангах, амжилттай хэрэгжүүлэх стратегиас суралцах зэргээр ЖДҮ-ийн чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.

Сургалтанд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Их засаг их сургуулийн Үндэсний инженер технологийн сургууль, Гүнгэрваа ХХК, Шүтээн арт консалтинг ХХК, Дөрвөн туг ХХК болон бүтээмжийн төвийн экспертүүд нийт 9 оролцогч хамрагдлаа. Сургалтыг Энэтхэг Улсаас Дэли Их сургуулийн профессор Номита Шарма, Япон улсаас “World Business Associates” компанийн ахлах зөвлөх ноён Хидеюки Исаки нар удирдан явуулсан. Хөтөлбөрийн дагуу эхний 2 хоног илтгэл, онолын болон олон улсын туршлагууд яригдсан бол 3 дахь өдөр нь туршлага судлах аялалаар “Eco wave” ХХК-нд айлчлан тухайн компанийн талаар илтгэл бэлдэж, сайжруулах санал зөвлөмжөө тусгасан. Багаар бэлтгэсэн илтгэлийг Их засаг их сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн захирал Ч.Сэлэнгэ танилцуулсан.