Камбож Улсын Бүтээмжийн төвийн Дэд захирал ноён Ум Серивутээр ахлуулсан нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй Камбож улсын төлөөлөгчдийн баг 2018 оны 12 сарын 16-21-ний өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж бүтээмж, чанарыг байгууллага дээрээ амжилттай нэвтрүүлсэн ЖДҮ-үүд дээр очиж үйл ажиллагаатай нь танилцав. Тус багийн бүрэлдэхүүнд Элит ОУ-ын дунд сургууль, Камбож Улсын их сургууль, Ус сувгийн хангамжийн байгууллага, Кириром хатаасан жимсний үйлдвэр, Үл хөдлөх хөрөнгө гэх зэрэг үйл ажиллагаа эрхлэгчид хамрагдсан бөгөөд оролцогчид Эрин зочид буудалд байрласан юм. Уг төлөөлөгчид АПУ ХК дээр хэрэгжсэн Хүнсний аюулгүй байдал ISO 22001 болон Эрчим хүчний хэмнэлтийн загвар байгууллагын төсөл, ДЦС-4 ТӨХК дээр бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд, ISO 9001:2015 төслийн хэрэгжилт, УБЦТС ТӨХК дээр Эрчим хүчний хэмнэлтийн загвар байгууллагын төсөл болон Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай очиж тэргүүн туршлагаас нь суралцсан юм.

Уг төлөөлөгчид нь Монгол улсад анх удаагаа ирж байгаа тул Монголын үндэсний өв соёл, урлаг, түүхийг илтгэсэн үзвэр үйлчилгээг мөн таниулсан юм. Үүнд, Монголын үндэсний түүхийн музей, Цагаан лавай урлагийн тоглолт, Зайсан толгой, Гандантэгчилэн хийд, Чонжинболдог, Тэрэлж зэрэг газруудтай танилцсан.