Монголын бүтээмжийн төв /МБТ/ нь Азийн бүтээмжийн байгууллага /АББ/-ын дэмжлэгтэйгээр гишүүн орнуудын хоорондын туршлага судлах ажил хэргийн аялалыг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү ажлын хүрээнд 2018 оны 6 сарын 13-15-ны өдрүүдэд Непалын Үндэсний бүтээмж, эдийн засгийн хөгжлийн төв / НҮБЭЗХТ/-ийн төлөөлөгчдийг хүлээн авлаа. Төлөөлөгчөөр НҮБЭЗХТ-ийн дарга Хатагтай Анжана Тамракар, Ноён Суриш Кумар Коирала, Ноён Сах Кармаёоги Субодх Кумар, Ноён Синг Бинод Пракаш нар айлчиллаа.

Хөтөлбөрийн хүрээнд 2018.06.13-нд төлөөлөгчид ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатартай уулзалт хийж, Засгийн газрын ордонтой танилцаж, бүтээмжийн асуудлаар санал бодлоо солилцсон. Түүнчлэн АББ-ын Монгол дахь захирал,  МБТ-ийн УЗ-ийн дарга Я.Эрхэмбаяр хүлээн авч уулзсан.

Айлчлалын гол зорилго нь манай улсад хэрэгжиж буй бүтээмжийн хөдөлгөөний тэргүүн туршлагатай танилцах байсан учир АББ, МБТ-ийн дэмжлэгтэйгээр Азийн загвар байгууллагын төслийг “Материалын урсгал зардлын тооцоолол” сэдвээр амжилттай хэрэгжүүлсэн Мөнхийн үсэг ХХК, “Эрчим хүчний хэмнэлт” сэдвээр амжилттай хэрэгжүүлсэн АПУ ХК, УБЦТС ТӨХК-нд тус тус айлчилж, эдгээр компаниудын тэргүүн туршлага, хэрэгжүүлсэн арга зам, амжилтын эх үндсийг биеэр үзэж, тухайн үеийн төслийн багийн гишүүдтэй уулзаж асуулт, хариулт, хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Эдгээр ажил хэргийн аялалаас гадна төлөөлөгчид чөлөөт цагаараа Монгол улсын түүх дурсгалын газруудтай танилцаж, манай улсын урлаг,соёлын талаар багахан ч гэсэн мэдлэгийн олж авсан.