Монголын бүтээмжийн төв нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яам, Азийн бүтээмжийн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, Удирдлагын академитай хамтран “Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал” Олон улсын чуулганыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.

Чуулганд нийт 117 оролцогч хамрагдсан ба төрийн захиргааны байгууллагын төлөөллүүд болон аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар санал бодлоо хуваалцаж, зөвлөмж боловсрууллаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар чуулганд хэлсэн үгэндээ “Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалын шинэчлэл ба Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг юм” гэдгийг тэрбээр онцолсон. Ингэхдээ цахим шилжилт буюу төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлж төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, нээлттэй, хүнд сурталгүй хүргэх асуудлыг шийдэх шаардлагатай байгааг онцлов.

Уг чуулганд Шри Ланка улсын Нийгмийн сүлжээ, мэдээллийн яамны Төрийн нарийн дарга Тилака Жаяасундара, Канад улсын Манитоба мужийн Төрийн захиргаа, санхүү, төвлөрсөн үйлчилгээний газрын Инноваци, үйлчилгээний хэлтсийн захирал Гай Гордон нар төрийн байгууллагын бүтээмжийн олон улсын чиг хандлагын талаар мэдээлэл хийж, Монголын төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөв.

Мөн түүнчлэн МБТ-ийн  Дэд захирал Ц.Батбилэг “Төрийн байгууллагын бүтээмжийн АББ-ын туршлагаас” сэдвээр, Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор С.Энхсайхан “Төрийн захиргааны байгууллагын бүтээмжийн өнөөгийн байдал” сэдвээр, НДЕГ-ын Чанарын удирдах хорооны дарга П.Мөнхтулга “Төрийн байгууллагад Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаас” сэдвээр, Орхон аймгийн Засаг даргын Гадаад бодлогын зөвлөх бөгөөд НДХ-ийн дарга Б.Анар “Төрийн албаны менежментийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, ТАЗ-ийн гишүүн Б. Баатарзориг “Төрийн албан хаагчийн бүтээмжийн асуудал”, Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар “Төвлөрлийг сааруулах бодлого-чиг үүргийг дахин хуваарилах асуудал”, ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын дарга Э.Бат-Идэр “Төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн”, МБТ-ийн ахлах эксперт Б.Уранчимэг “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь”, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбат “Төрийн өмчит компанид Бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр ХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, Дарханы ДЦС ТӨХК өөрсдийн байгууллага дээр хэрэгжиж буй Бүтээмжийн хөдөлгөөний талаар, Увс, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын төлөөлөл хэрэгжүүлсэн Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын талаар үзүүлэн, тараах материал бэлтгэж, чуулганд хамрагдсан оролцогчдод туршлагаасаа хуваалцан, мэдээлэл өглөө.

Цаашид төрийн байгууллагын бүтээмжийг олон улсын тэргүүн туршлагад үндэслэн, улсын хэмжээнд хөдөлгөөн өрнүүлэх замаар өсгөх чиглэлийг баримтлан ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас уриалсан юм.