Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 онд 21 аймаг, нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж буй талбайн 30 хувь буюу 8273 га, хүлэмжийн 30 хувь буюу 23 га талбайг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ. Уг хяналт, шалгалтад хамруулсан талбайн 38,7 хувь буюу 3700 га талбайд хөнөөлт организм-ургамлын өвчин, хортон шавж, хог ургамал тархсан, энэ тухай тариалан эрхлэгчид мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлээгүй зөрчил илэрчээ.

Мөн шалгалтад хамрагдсан, нийтийн хэрэгцээнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ нийлүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн 71 хувь нь талбайн түүхийн дэвтэргүй, талбайн түүхийн дэвтрийг үнэн зөв бөглөдөггүй дутагдал гарсан байна. Түүнчлэн дийлэнх аж ахуйн нэгж пестицид, ургамал хамгааллын бодисын хэрэглээнд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэхгүй байгаа нь эргээд хүнсний аюулгүй байдлыг хангахад төвөг учруулж байгаа юм.

Энэ ч үүднээс хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, тэр дундаа газар тариалангийн салбарт хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой дадлыг нэвтрүүлэх нь зүйтэй бөгөөд үүнд чиглэсэн УИХ, Засгийн газраас баталсан хөтөлбөр, журам, стратеги, техникийн зохицуулалт зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг органик хүнс үйлдвэрлэлд шилжүүлэхийн төлөө холбогдох төрийн болон төрийн бус байгууллага ажиллаж байна.

Үүний нэг болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бүтээмжийн төв хамтран “Монгол Улсад хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх нь” сэдэвт гурван өдрийн сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг БНСУ-ын зөвлөх Исидор Мёнг Деок Юү орж байгаа бөгөөд сургалтын эхний хоёр өдөр даян дэлхийн хөдөө аж ахуйн зохистой дадал болон олон улсад зохистой дадлын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан ярилцах бол гурав дахь өдрөө хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтад хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна.

Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж “…хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилготой, эрүүл, аюулгүй хүнс болон түүхий эд үйлдвэрлэхэд чиглэсэн цогц дадал зуршил юм…” гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тодорхойлжээ.