Монголын бүтээмжийн төв (МБТ) нь Азийн бүтээмжийн байгууллага (АББ)-тай хамтран 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо тус зайны сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Зайны сургалтын зорилго нь Хүнсний аюулгүй байдлын талаарх дэлхийн улс орнуудын чиг хандлагын талаар мэдээлэл авах, үр ашигтай, үр дүнтэй хүнсний аюулгүй байдлын менежментийг хэрэгжүүлэхэд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хамгийн сүүлийн үеийн мэдлэг олж авах (Шинэ микробын интервенц хийх технологи, IoT, блокчейн, NGS технологи гэх мэт), орчин үеийн хүнсний аюулгүй байдлын менежментийг хэрэгжүүлж, стандартын гэрчилгээ авахад нөлөөлөх гол хүчин зүйлс, тулгарах саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга хэрэгслүүдийн талаар практикт суралцахад оршиж байсан.

Тус сургалтанд МБТ-ийн гишүүн болон хүнсний салбартаа тэргүүлэгч байгууллагуудын 15 төлөөлөгч хамрагдаж Олон Улсын зөвлөх багшийн удирдан явуулсан хичээлийд идэвхтэй оролцон, сонирхсон шинэлэг асуудлыг тодруулан лавлаж, харилцан суралцаж 4 өдрийн сургалтанд амжилт дүүрэн оролцлоо.

Сургалтыг АББ-ын мэргэжилтнүүд зайнаас удирдан явуулж,  Монгол, Бангладеш, Фижи болон Вьетнам Улсын оролцогчид GDLN системээр шууд холбогдож оролцлоо. Сургалтын явцад Монгол Улсад Хүнсний аюулгүй байдлын менежментийг амжилттай хэрэгжүүлж буй “АПУ” ХК, Олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг баримтлан ажиллаж буй “Бургер Кинг”-ийн үйл ажиллагаа, стандарт болон шинэ дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа хэрхэн амжилттай нэвтрүүлж буй туршлагатай тус тус танилцсан.

Хүнсний аюулгүй байдал Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудал билээ. Сургалтанд оролцож шинэ мэдээлэл олж авсан оролцогчид  цаашид Монгол Улсынхаа нийт хүн ам, иргэдийн эрүүл мэндийг дэмжих эрүүл, зөв, эко хоол хүнс үйлдвэрлэлээ илүү хөгжүүлнэ гэдэгт бид итгэл төгс байна.