МБТ нь 2018 оны 11 сарын 12-15-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн салбар дахь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежмент” сэдэвт сургалтыг Олон улсын зайны сургалтын төвд зохион байгуулав. Тус сургалтыг Японы бүтээмжийн төвийн Олон улсын менежментийн төвийн дарга ноён Казүтэрү Күрода болон Ази-Номхон далайн Чанарын байгууллагын Ерөнхийлөгч нар удирдан явуулсан ба Монгол улсаас 17 оролцогч, Камбож, Шри Ланк, Тайланд, Вьетнам гэсэн 5 улс орнуудаас нийт 150 гаруй оролцогчидтой зэрэг холбогдон суралцаж, мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежмент нь үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг өсгөх, ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зэргээр байгууллагад эерэг үр дүнг бий болгох ач холбогдолтой юм. Энэхүү сургалтаар үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй, тэр дундаа эрүүл мэндийн салбарын  байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежментийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ойлголтыг өгнө.

Уг сургалтаар оролцогчид аж үйлдвэрийн 4-р эрин үед хэрэглэгчийн сэтгэл ханамжийн чиг хандлагыг ойлгох, үйлчилгээний төгөлдөршилд хүрэх зааварчилгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежмент ба бизнесийн төгөлдөршлийн тогтолцооны уялдаа, эрүүл мэндийн салбарт хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежментийг тодорхойлох, тогтмол сайжруулалтаар хангах шаардлага, эрүүл мэндийн салбарын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн стандартыг боловсруулах загваруудаас суралцсан юм.

Сургалтын 3 дахь өдөр нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Мөнгөн гүүр эмнэлэг дээр очин туршлага судалсан юм.