Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яам, Монголын бүтээмжийн төв хамтран “Органик бордоо” сэдэвт сургалтыг 2018 оны 11 сарын 20-22-нд, Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний III чуулганыг 2018 оны 11 сарын 23-нд тус тус зохион байгууллаа. Сургалт, чуулганы дэмжигч байгууллагаар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Адра Монгол ОУБ, ШХА-ийн “Монгол ногоо” төсөл, Азийн бүтээмжийн байгууллага /АББ/, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд оролцсон.

“Органик бордоо” сэдэвт сургалтын хөтөлбөрийн дагуу 2 өдрийн онолын сургалт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд, 1 өдрийн дадлага, үзүүлэх сургалтыг Төв аймгийн Баянчандмань суманд байрладаг “Монгол экологийн бордоо” ХХК-ийн био бордооны үйлдвэрт зохион байгуулсан ба хүнсний ногоочид, үйлдвэрлэгчид ХАА-н мэргэжилтэнүүд зэрэг 80 оролцогч хамрагдсан.

Органик хүнс хөдөө аж ахуйн III чуулган Корпорейт зочид буудлын Улаанбаатар танхимд зохион байгуулагдаж төрийн болон төрийн бус байгууллага, хүнсний ногоочид, үйлдвэрлэгчид зэрэг нийт 160 хүн хамрагдсан.

“Органик бордоо” сэдэвт сургалтыг нээж ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, АББ-ын зөвлөх Камал Мелвани үг хэлсэн. Сургалтын чиглүүлэгчээр Д.Тунгалаг ХҮБХЗГ-ын ахлах мэргэжилтэн, Ц.Батбилэг МБТ-ийн Дэд захирал ажилласан. Сургалтын хөтөлбөрийн дагуу нөхөн сэргээгдэх ХАА, МУ-ын ХАА-ын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь, Хөрсний үржил шимийг сайжруулах үндсэн механизмууд, Бордоог хадгалах зэрэг сэдвээр АББ-ын эксперт Камал Мелвани зааж, урилгаар Др. Ундармаа “Хортон шавжтай органик аргаар тэмцэх”, Др. Отгонсүрэн “Хог ургамалтай тэмцэх органик арга”, Др. Дондов “Ургамлын өвчинтэй органик аргаар тэмцэх”, Др. Уранчимэг “Био-пестицид ба түүний хэрэглээ”, Л.Тунгалаг “Органик хүнсийг баталгаажуулах үйл явц” зэрэг сэдвээр онолын талын мэдлэг олгосон. Дадлага үзүүлэх сургалтаар Монгол экологийн бордоо ХХК-ийн био бордооны үйлдвэртэй танилцаж, бордооны түүхий эд хэрхэн бэлтгэдэг, шингэн бордоо, органик пестицид, био пистецид, фунгицид зэргийг нүдээр харж асууж тодруулах зүйлээ багш, зөвлөхүүдээс асуусан.

“Органик хүнс хөдөө аж ахуйн III чуулган”-ыг нээж ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, МБТ-ийн УЗ-ийн дарга Я.Эрхэмбаяр, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа  мөн МҮХАҮТ-ийн төлөөлөл үг хэлсэн. Чуулганаар Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан, органик Монгол цахим хуудасны нээлтийн үйл ажиллагаа, Органик үйлдвэрлэлд шилжих хүнсний ногоочдын тангараг өргөх ёслол, Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн нээлтийн ажиллагаа, Монголын органик хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрх зүйн орчны талаарх танилцуулга, МУ-ын Органик ХАА-н хөдөлгөөний танилцуулга, гэрчилгээ гардуулах ёслол зэрэг болсон.